Өмнөговь аймагт 25.8 c
    Утас: 88125868, 89178889
  • 2024-05-16

УНАГАН БАЙГАЛЬ БА УУРХАЙН БАРЬЦААЛАЛ


Говьд хаврын улирал янз янзаар ирдэг. Шуурч, шамаргалж, налайж, мэлмэрч шивэрч, жаварлаж ер тэр гэх тэмдэггүй өдрүүдээр үргэлжилдэг юм. Урьд өдөр нь тогтуун байсан тэнгэр гэнэт исгэрсэн салхиар солигдсон энэ өдрүүдийн нэг юм. Дөрөвдүгээр сар хэдийнээ дундаа орсон  шөнийн 2 цаг дор “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгүүлч Д.Мишигсүрэн /хойшид Мики/ залгаж, “Суугий Мандах ирсэн. 


Бид баруун уурхайн малчдын дуудлагаар явлаа. Хамт явна шүү “ л гэлээ. Хамт явна шүү гэж хүчилдэгийн учир өмнөх жилд байгалиа хамгаалах үйлсийг эх орон даяар өрнүүлээд аймгаа бүтэн тойрсон тэр тэмцэл хөдөлгөөнөөс сугарч үлдсэндээ миний бие бяцхан гэмшиж явдаг юм. Хэн нэгэн загнаж зэмлээгүй ч яагаад ч юм тэр хэцүү тэмцэл дотор эх оронч шударга иргэний үүргээ гүйцэтгээд явж завдаагүйдээ гэм хийчихсэн мэт явдаг байлаа. Алсаас харж суусан гэх үү дээ. Тэндээс нэг бодол тээх болсон нь аливааг хийж бүтээж байхад алдаа оноо зөндөө бий. Түүний сөрөг талаас харж шүүмжилж, харлуулах нь бас л хэвийн үзэгдэл. Харин тэр хоёрыг ажиглаж суугаад сайн нь муугаа давахыг эсвэл муу нь сайныгаа дийлэхийг юу ч хийлгүйгээр хөндлөнгөөс ажиглах нь хамгийн гэмтэй юм байна гэж бодох болсон. Мики маань Балга Усны улаан нуураас аваад сүүлийн 10 гаруй жил уул уурхайн хариуцлагагүй байдалтай тэмцэж яваа эрмэг сэтгүүлч эмэгтэй. 

Энд тэндгүй олон ийм тэмцэгчид бий. Харин тэдний дуу хоолойг нэгтгэн эрчилж, бодит үр дүнг буй болгосон тэмцэгч бол халуун говийн Хархүү буюу Хайрын дулаан хорвоогийн бөгөөд Өмнөговь нутгийн нэрийн хуудас болсон зохиолч Хархүү багшийн хүү, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Мандахбаяр бүлгээ. Утасны дуудлага аваад аймгийн баруун тийш гарах засмал зам дагуу байрлах ажлын байрандаа бэлдээд хүлээж байлаа. Бяцхан студид минь орж ирээд Мандаа ах нүд нь очтон гэрэлтэж, яасан хөөрхөн тохижуулаа вэ гээд цаанаа л баярласан шинжтэй байхад нь учиргүй их урам орж гялайлаа. Энэ салбарыг толгойлж яваа хүний хувьд нутагт нь сэтгүүл зүйн бас нэгэн голомт нэмэгдсэнд баяртай байлгүй нь яах билээ. Шинэ ажлаа эхлүүлэх гэж нэлээдгүй сар зүтгэхдээ халуун дулаан үг, бусдын чин сэтгэл магтаалыг мэдрээгүй уджээ... 


Бид говийн шөнийн тэнгэр, жавар салхийг цуулсаар тэс нутгийг зорилоо. Аймгийн төвөөс хамгийн алслагдмал орших энэ сумын нутаг дэвсгэр яг л алсад оршдог шигээ уул уурхайн хөлд сүйдэж, хэдэн малчид нь үйлээ үзэж ядсан, хаягдаж гээгдсэн бүс нутаг болсоор 10-аад жилийн нүүр үзжээ. 

“Хоноцын сэтгэлтнүүд”-ийн арга мэх дараагийн ЗГ солигдохыг хүлээсээр буй...

Гурвантэс сум ороод хамгийн түрүүнд “Мөнгөн Цогоо” гэх айлд очлоо. Энэ хүн болбоос эх нутгийн дагшин байгалийг бүрэн бүтэн үлдээхэд бүхий л сэтгэл зүрхээ зориулан яваа гэнэ. Бас “Босоо хөх Монгол” ТББ нэгдсэн. Малчдын дуудлагаар "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга"; ТББ, "Эрс шинэчлэл" хөдөлгөөн ийнхүү Гурвантэс суманд ажиллаж, хууль бус үйл ажиллагаа явуулж буй зарим уурхайн асуудлаар сумын ЗДТГ дээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.  


Энд АГМ МАЙНИНГ ХХК -ний "Торомхон" "Баатар ван транс", "Сауд гоби коэл транс"  зэрэг компаниудыг нөхөн сэргээлт хийлгэх, улмаар тухайн газар нутгуудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, түүнчлэн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа АГМ майнинг компаний "Торомхон" алтны уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг хөндөн хэлэлцэж, малчид иргэд “Торомхон” уурхайг зогсоох, бусад хаагдсан уурхайнууд ЗГ-ын гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, нөхөн сэргээлтээ хийхгүй байгаад бухимдаж байгаагаа ярьж байлаа. 

Хэлэлцүүлэг дуусч, малчид иргэдийн хамтаар хаврын салхин хүзүү хоолой, хавиргыг хайр найргүй нэвт үлээж, хүйтэн шороо хийссэн оройноо сумаас 16 км-т орших “Баатар ван транс” ХХК-ний Улаан мана чулууны ордод ирлээ. 


Үйл ажиллагааг нь зогсоосон хэдий ч харуул манааныхан гэх баг зүүсэн залуус бидний заримыг нь оруулж, иргэд голдуу хүмүүсийг гадна үлдээлээ. Баруун уурхайнууд хэзээнээсээ л чих дүлийтэй. /Ер нь нутгийн иргэдийг дотогш нэвтрүүлдэггүй/ Миний бие хашааны гадна үлдэж 4-р багийн иргэн Даваахүүгийн Нандинцэцэгтэй цөөн хором ярилцлаа. Өнгөрсөн намар уурхай, иргэдийн дунд тэмцэл өрнөж, 15 иргэн бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байна. 

Уг чулууг түгээмэл тархацтай ашигт малтмал нэрийн дор ашиглахын тулд улаан хас хэмээн уурхайнхан хэлдэг боловч үнэн хэрэг дээрээ БНХАУ-д өндөр үнээр авдаг улаан мана чулуу ажээ. Энэ уурхай нь хайгуулын зөвшөөрөл дээр шууд олборлолт хийдэг, ард түмэнд ямар ч үр өгөөжгүйн дээр эрдэнэт хүний амь нас эрсдэх хүртэл нөхцөл байдал нэгэнт үүссэн тул тусгай зөвшөөрлийг нь цуцалсан юм. Гэвч өнөөг хүртэл кемпийг нүүлгэн шилжүүлээгүй, төрөөс гаргасан хууль тогтоолыг хэрэгжүүлэхгүй байсаар байгаа нь Монголын хуулиас давсан бүдүүн хүзүүтэй хариуцлагагүй уурхайн ард эрх мэдэлтэн олигархиудын далд санаа нуугдаж, асуудлыг шүүхийн хэмжээнд шилжүүлсэн болж цаг хожоод засаг солигдохыг хүлээзнэн буй нь “хоноц”-ын сэтгэлтнүүдийн арга мэх улам нарийсан бугшсаар байгааг илтгэнэ. Унаган байгалиа авч үлдэх гэсэн  иргэдийн тэмцэлд тулгарсан нэгдэх БАРЬЦААЛАЛ энэ буюу. 

Алтана уулыг нүхлэж, нүдэн рашааныг хэзээ ч үл сэвтээж боломгүйн учир...

Маргааш өглөө нь ургахын улаан нарнаар хөдөллөө.


Алтан уулын эргэн тойрондх газар усны байдал хэрхэн сүйдсэнийг  эцэгтээ гомдол мэдүүлж буй хүүхдүүд адил малчид ам амандаа адган ярьж, Мандаа ахыг тойрон ээрэхийг хараад бахархах сэтгэл төрж байх амой. 

Олон хүн ирж, олон ч удаа учирлаж, нутаг усаа авраад үлдээх болов уу гэж нутгийн малчин түмэн үе үеийн засгаас өмгөөлөл хүсчээ. Бодит байдал дээр ирж танилцаад яваад өгдөг. Ингээд л байдал цаашаа бахь байдгаараа үргэлжилдэг, итгэл алдарсан энэ цаг үед “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын эхлүүлсэн тэмцэл хонгилын үзүүрт гал асааж дээ. Нутгийн сайн эр “Мөнгөн Цогоо” ах нам эвсэл хамааралгүй тэдэнтэй нэгдэхдээ “За дүү минь заавал үр дүнд хүргээрэй. 

Эс бөгөөс би урвагч нэр зүүнэ. Тэмцлийг хүмүүс өөрөөр харж олон хүн намайг буруушааж байна. Үүний гороос л ялдаг л юм шүү дээ” гэж анхаарлын цэгт олон нийтийг аваачсан алдарт Тост тосон бумбын нурууг хамгаалах тэмцлийн үед сануулж байжээ. Нээрээ л тэд ард нь гарахдаа олон бэрхшээлийг давж туулсан юм билээ. Өнөөдөр бүгд л ижий ахай болон дал мөрөө алгадалцан хүч хүрэхгүй бүх л зүйлдээ өнөөх “гайхал Мандаа”-гаа дууддаг болсон нь энэ ажгуу. Хувилгаан чанартай энэ нутагт худал хуурмаг үйлчлэхийн аргагүй юм билээ. Мики бид 2 хэдэн малчидтай нэг машинд суугаад яг энэ Алтан уулын Нэмэгтийн уулсаар олон үеэрээ нутагласан, өөрөө л гэхэд хагас зуун жил идээшин нутагласан Далантайн Пүрэв гуайнд цуваанаасаа үлдэж хоцроод зам жаахан салж очлоо. Энэ хөндий даяараа хулан зээрийн орон байсан тухай Пүрэв гуай ярьсан. Мал аж ахуйгаа эрхлэхийн зэрэгцээ домог түүхийн өлгий байсныг хууцчуулынхаа сүсэг бишрэл, өв ухаанаас уламжлан үлдсэнээ ч бидэнд ярьж өглөө. 

Усан бороо хувин хувингаар цутгасан зуны нэг үдэш саахалтын айлын тооноор нь их гэрэл сацарч үзэгдсэн тухай баримтат яриа энэ нутагт мөнхөрчээ. Их гэрлэн туяарч тэр айлд мэндэлсэн хүү болбоос Алтан-Уулын хүү Очир дарь хувилгаан байсан ажээ. Бороо шивэрч байхад хувцас нь нордоггүйн дээр тухайн байсан газрын орчим буюу бүхэл бүтэн хот айл, хоттой хонийг тойрон бороо ордог байсан увидас эрдэмтэй байжээ. Үлгэрийн тансаг Алтан уулын энэ нандин үнэний хэвлий рүү улс төрийн увайгүй хумслагчдын шунал зайгүй шургалсан харуусам дүр зураг биднийг угтлаа. 

Ард түмний шүтэн биширдэг могойн нүдэн хэлбэрт ТОРОМХОН нүдний рашааныг алтны дээрэмчид чийгтэх нулимсгүй ширгээжээ. Газрын гүнээс ундран гардаг байсан энэхүү чандмань эрдэнэ бол хөрсөн дээрээ байгалиараа найралдан бүрэлдэж, нүдний ханиад, нүдний эмгэгийг илааршуулдаг рашаан байсан юм. Гэвч АГМ Майнинг ХХК -ний харь солонгос эзэн байгалийн нөхөн үржихүйг хэзээ ч үл сэргэхээргүй амин судлыг нь таслаж доороос гүний усыг нь соруулан алтаа угаасаар ширгээжээ. 

Admin

| 2020-05-04 13:57:00

Сэтгэгдэл үлдээх